Thursday, October 01, 2009

Монгол улсын үнэн хүчит заан "Мойл" хэмээх Эрдэнийн Зундуй гэж хэн бэ?

Энэ хүн бол Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяа Батхаан уулын өвөрт төрж өссөн нэгэн бөгөөд өгүүлэгч миний өвөг эцэг юмаа. Тодруулбал Миний эцэг Намнансүрэн нь Зундуйн ууган хүү болох юм.
1908 онд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт малчин ард Эрдэнийн ууган хүү болж төрсөн. Бага насаа эцэг эхийн хамт мал маллах, жин тээх зэргээр ажил, амьдралын гараагаа эхэлж идэр наснаасаа нутгийн бөх ах нараа даган барилдаж эхэлжээ. Түүний бөхийн авьяас чадвар, биеийн хөгжил нь бусдад гайхагдаж иржээ. Жинхэнэ монгол бөх хүний шинжийг агуулсан гэж бие бялдартай байсан гэж ярьдаг. Түүнийг маш их бяртай байсныг нотлох баримтыг нутгийн хөгшчүүл ярьдаг юм. Тэр нь Асарын гэрт 200 литрийн торхтой айргийн ганцаараа өргөөд нохой дайрахад нь өшиглөчихөөд цалигуулалгүй оруулж байсан гэдэг.

Өвөөгийн маань ид бяр жигдэрсэн 26 настай байхдаа улсын наадамд зодоглож 5 давж цог дэлгэрэх улсын начин, дараа жил нь 1935 оны улсын баяр наадамдаа 5 давж нягт зоригт Монгол улсын начин, улмаар 1940 онд ардын хувьсгалын 19 жилийн ойгоор 880 бөх барилдахад 6 даван шөвгөрч Монгол улсын үнэн хүчит заан хэмээх цолыг авчээ. Тухайн үед өмсөж барилдаж байсан зодог шуудаг нь түүний хань Өрнөх нь урласан байдаг ба одоог хүртэл Зундуйн төрсөн дүү Сүхийн гэр шуудаг нь, ууган хүү Намнансүрэнгийнд зодог нь хадгалагдаж байгаа.
Өвөөгийн маань талаар олон яриа үлдсэн байдгийн нэг нь түүний засуулаар олон жил явсан Чүлтэм тойны Тангад гуай үлдээжээ.
"Чадалтай бяртай сайн бөх даанч жаахан зориг муутай" гэж. Барилдах гэж байгаа бөхийнхөө талаар ямарч цол гуншинг нь хэлэлгүй барилдуудахаар ямарч том цолтой хүн байсан хамаагүй даваад л хүрээд ирдэг хүн байсан гэдэг. Тухайн үедээ маршал Чойбалсангийн бөх хэмээгдэн ид явсан Аврага Түвдэндоржийг нэг жил 2 удаа хаяж явсан гэдэг юм билээ.
Өвөө маань залуу хүүхэд байхын том хар нүдтэй хүн байсан тул түүнийг "Мойл" хэмээн авгайлжээ. Тэгш цагаан шүдтэй, тос даасан хүрэн бор царайтай өндөр нуруутай, лагс биетэй жинхэнэ сайхан монгол эр байжээ. Сайн хийдэг байсан мэх нь дэгээ ороох. Барилдаж байхдаа майхангийн гадасны утастай хамт ороогоод эргэхэд хамтад нь суга татан унагааж байжээ. Уурган дэгээ мэх ч гэж хэлдэг бололтой. Ер ар нуруугаараа унадаггүй хүн байсан гэх. Өвөө маань 1939 онд Дэжидийн Өрнөхтэй гэр бүл болж 4 хүүхэд төрүүлсэн байна.
Эрдэнийн Зундуй нь 1953 онд хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
2009 оны 10сарын 3,4-ны өдөр төрөлх нутаг Эрдэнэсантад нь түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үндэсний спортын баяр наадам зохиогдох юм.

No comments: