Friday, August 12, 2016

2011 оны 3 сарын 11-нд чухам юу болов

Салхи оруулалгүй удсан байна шүү... Сүүлчийн тэмдэглэлээ бичсэнээс хойш 5 жил хагас өнгөрчээ. Урт хугацаа шүү. Хурдан ч өнгөрч.Өөрийнхаа эргэн тойронг анзаарахад нилээн юм ч өөр болж дээ.

Үргэлжлэл...

3цаг болохын өмнөхөн газар хөдөлж, бид бүхэн яарч сандран гарч ирэхэд цаг 3цаг 30 болж байлаа. Их удаагүй юм шиг боловч цаг гаран болсон байв. Том газар хөдлөлтийн дараа бага зэргийн чичиргээн бол үргэлжилсээр байлаа. Тэр хавийнхан очиж бүгэх ёстой нэгэн бага сургуулийн биеийн тамирийн гадаа тайлбай руу 20 орчим минут явж хүрэв. Алхаж байх хооронд хөлийн улан доороос асфальтан зам алх шиг цохих мэдрэмж төрж байсан. Сүүлд сонсох нь хөдлөн болон босоо хөдөлгөөнт газар хөдлөлт болдогийн босоо хөдлөлт нь тэгэж мэдрэгддэг юм байж. Бага сургуулийн талбай дээр очих замд ганц нэг байшингийн цонх нь хагарч унасан, үүдний хөлтэй танилцуулга нь нурж унасан байв. Ядахад бага сургуулийн дээврээс хар утаа суунаглаж байхын. Яг ч газар хөдлөлтөөс биш тухайн үед дээврийн засвар хийж таараад технологийн алдаа гаргаж бага зэргийн осол маягийн зүйл болсон байж. Дайны хажуугаарх дажин гэдэг байхаа. Талбай дээр очих хүртлээ мөн очсон хойноо найз охин руугаа болон ойрхон байдаг хэдэн найз руу гаа залгав. Бүгд л холбогдохгүй байв. Би ганцаараа биш тэнд байсан 200-аад хүн бүгд л ижил зүйлтэй тулгараад байлаа.
 
Нэг иймэрхүү маягаар цуглана.(Тухайн үеийн зураг биш өөр зураг жишээ болгож ашиглав)

4 цаг хүртэл нэг хэсэг байдлыг харзнаж байтал манай ажлынхан байсан хэсэгт ажлын босс ирж шууд тарж болно гэж хэлэв. Японд ажилд ороод 4 жил орчим болохдоо анх удаа газах хөдлөлтөөсболж эрт тарав. Ер нь ажил их оройтдог, нар дээр байхад тарсан нь цөөхөн байсан даа. Тарах тушаал аваад баярласан хэсэг нөхөд шууд мертоний буудал рүү яваад өгөв. Яарч гарахдаа гэрийн түлхүүр зэргийг орхисон байсан тул авахаар офис рүү буцлаа. Манай давхар 10 давхар байшингийн 6-д байсан тул шатаар өгсөөд юмаа авахдаа босстой хамт явав. Ажил рүү ороход боссын зөвшөөрөлгүй орж болохгүй. Мэдээллийн аюулгүй байдлын улмаас хориглодог байсан юм. Офис дотор бичиг цаас хөглөж байсан тул өөрийн суудлын тэр хэсгийг бушуухан шиг хам авч бөөгнүүлээд буцаад гарах гэтэл метроний буудал явсан хэд маань буцаад ороод ирэв. Метро явж эхлээгүй байна. Дүүрэн хүн байна. Автобус бараг 100-д хүн суух гээд дарааллаад зогсож байна. Такси удаан зогсвол олдох байх тэхдээ гэр хол дээр нь түгжирч байгаа тул урагшлах нь удаан байна. Жаахан байзнаж байгаад метро дахиж хөдлөхөөр явая гэсээр орж ирэв. Босс бид 2 ч юмаа цэгцлээд нэг мөсөн гарах гэж байсан тул бүгдээрээ нийлж аваад хоолонд орох болов. 5 цагийн үед офисийн барилгын 1 давхарын хятад ресторан ажиллаж байгаа гэсэн тул ашгүй гэсээр бид орцгоолоо. Ихэнх газар эрт хааж ажилчдаа эрт тараасан байсан тул энгийн үед бараг ордоггүй энэ газарт бид 6уулаа их олзуурхан оров. Хоол идэж пиво уунгаа хорвоогийн шальдар бульдар зүйл ярилцсаар сууж байтал утасанд мессеж ирэв. Олзуурхан хартал бидний нэг хэсэг чухалчлан хэрэглэж заншсан Yahoo messenger-ээр монголоос ах маань бичиж байна. Наана чинь гайгүй юу, газар хөдлөлт болсон гээд зурагтаар гаржийн гэж байна. Сүлжээ энэтэр орохгүй, ажил эрт тарсан болохоор харьж зурагт үзтэл юу болсныг хэлж мэдэхгүй байна. Гайгүй дээ дандаа л хөдөлж байдаг хойно. Санаа зоволтгүй аав ээжид бас дамжуулаарай гэж бичээд бусадтайгаа дахин буу халж эхлэв. 8цагийн үед метро эхэлсэн байх харих минь гэсээр 4 нь яваад өгөв. Босс намайг хань татаж хамт 9 гээд гарий гэхээр нь за тэгье гээд үргэлжлүүлэн ууж идээд сууж байтал нөгөө 4-н нэг нь “Метроны буудал бүр онгойхгүйгээр хамаг хаалга үүдээ бариж, машин тэрэг хөдлөхгүй түгжирч, автобусны оочер төгсгөл нь харагдахгүй урт болсон байна. Зочид буудал бүр олдохгүй капсул(хамгийн хямд жижиг буудал)ууд ч мөн дүүрэн байгаа гэж байна. Ажил дээр л хонож, маргааш хагассайн юм чинь өглөө л харихаас. Манайх хол ч юм. Нөгөө 3 маань алхаад ч болов газар дөхнө гээд явчлаа гэсээр” буцаад ирэв. Манай гэр ч бас зайтай, босс ч бас ойрхон биш дээр нь ганц бие тул гэр рүүгээ яарах хэрэгцээ алга, офистоо хоноё гэж ярилцаад  9 цаг болж байхад ресторан хаах болж бид 3 гарав. Хонохын тулд 24цагийн дэлгүүрээс ойр зуурын юм авахаар ороод гартал бөөн оочер байв.

Төсөөлөхөд амар болов уу гээд л энл тэндээс зураг ашиглаад байна.

Дэлгүүрийн хамаг бараа дуусаж хүн сонгодоггүй хэдэн бэлэн хоол, том савтай цэвэр ус үлдсэн байсан тул тэрийг аваад офистоо орлоо. Зурагт байхгүй тул интернэт рүү орж ойр зуурын мэдээ харахад газар хөдлөлтөөс болж ихэнх нь хөгшин хүмүүс тавилгадаа даруулсан болон юмнаас унах зэргээр 70-80 орчим хүн нас барсан гэж байлаа. Япон гэхэд олон байна шүү. Овоо хөдлсөн юм байна даа гэж бодонгоо офист хэрхэн унтах талаар толгойгоо гашилган хэдэн сандал нилүүлээд тавиж үзлээ. Унтаж бол болохоор юм байна. Нөгөө 2 бол шалны дрож дээр цаасан хайрцаг задалж давхарлаад унтана гэж байна. Минийхийг хараад гүдгэр хотгортой дэмий юм байна энэтэр гэсэн юм ярисаар унтахаар боллоо.
Жинхэнэ миний унтсан ор доо...

 Энэ үе хүртэл байнга л бага зэргийн чичиргээ болж газар хөдөлсөөр л байлаа. Найз охинтойгоо холбогдчих боловуу гээд залгаад байдаг болохгүй л байлаа. Yahoo messengert нь бичээд хүлээж суунгаа харанхуйд дахин интернэт ухав. Нэг онлайн бичлэг үзэв. Сэндай гээд хотын далайн эрэг хавийг нисдэг тэрэгнээс бичсэн шөнийн бичлэг байлаа. Их усан дунд энд тэнд гал гарч байгаа нь харагдана. Эхлээд хөлөг онгоцнууд л шатаж байна гэж бодсон ч удалгүй ойрхноос харуулсан бичлэг олдов... Хөлөг онгоцнууд биш газар дээр байх ёстой шатахуун түгээгүүрүүд энд тэнд усанд шатаж байх нь тэр. Гэнэт нас барагсадын тоо 100 100гаар нэмэгдэж байгаа нь интэрнет мэдээ уншиж байсан хуудсанд харагдаж эхлэв. 10-аад минутын дотор юу юугүй 600 хол давав. Нөгөө 2т дамжуулан хэлтэл босоод ирлээ. Өөр нэг бичлэг харуулж байна. Далайгаас маш их ус урсан хурдтай орж ирж буйг бас л нисдэг тэрэгнээс авчээ. Тариан талбайн дундуур явж байгаа машинууд юу юугүй усны гүйцэгдэж хөвөн одох. Ваннтай усанд хүүхдийн тоглоомон машин шидчихсэн юм шиг л харагдаж байв. Цунами гэдэг нь ирсэн юм байж. Далайн эрэг хавийн оршин суугчид өндөр газарт зугтаж чадаагүй бол авралгүй байсан ажээ. Тэр хавийн эрэг булангаас олон тооны хохирогч нарийн цогцос бөөнөөрөө олдлоо гэсэн мэдээ ар араасаа цуварсаар. Дахиж хүчтэй газар хөдлөвөл энэ байшинд ингээд зүйл дуусах нь дээ, бүгэх газар бол ил хүйтэн тул гарч очих хүсэл байсангүй. Хувт заяатайгаа эвлэрэн нойрондоо бас дийлдэн унтахаар хэвтлээ...

Төгсөв. Бичлэг сонирхох хүн үүнийг хараарай. https://www.youtube.com/watch?v=ro4sqGm7-h8

 Энэ гамшигийн улмаас тэнгэрт одсон бүх хүмүүсийн төлөө залбирая.

No comments: