Monday, October 26, 2009

Зундуй заан

Өмнөх бичлэгт бичсэнчлэн Зундуй зааны 100 насны ойд зориулсан спортын баяр наадам тун сайхан болж өнгөрлөө.

Түүний үр хүүхэд, төрөл төрөгсөд нь зохион байгуулсан энэхүү наадам нь нэг үгээр хэлэхэд Эрдэнийн Зундуйн ургийнхны баяр болсон гэхэд хилсдэхгүй байхаа. Нутгийн ард түмэн мөн сэтгэгдэл өндөртэй сайхан наадам боллоо гэж ярьж буй нь чих дэлсэж байлаа. Эхний өдөр нь үндэсний бөхийн 3н үеийн чуулга барилдаан болж залуу хүүхдүүдийн гал дөл үсэрсэн барилдаанаар ойн арга хэмжээ нь эхэлсэн юм. Аргагүй л спортод элэгтэй ард түмэн гэдэг, сумын арван жилийн спорт заал пиг дүүрэн хүн үзэж байв.
2 дахь өдөр нь улсын, аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаан болж өнгөрлөө. Цаг агаар ч сайхан тогтуун, намрын налгар сайхан өдөр. Бичигч миний бие бага насандаа хурдны морь унаж, ахынхаа хамт морио хөтлөн ойр орчмын сумдуудаар наадам хэсэж явдаг нэгэн байлаа. Япон улсад ирснээс хойш яг наадам үзэлгүй 7,8 жил болжээ. Ойрд наадам үзээгүй миний нүд баясан, сэтгэл тэнийвээ гэж...

Наадмын талбай (цаад онгорхой байшингууд хөдөөгийн байгаа төрхөө гэж)

Түрүүлсэн бөх хурдан удамтай дааганы эзэн болж байнаа.

Мойл Зундуйн үр сад (Зүүн талаас Батбилэг, Намнансүрэн, Должинсүрэн, Адьяахүү)
Ойг тохиолдуулан Зундуй заан хэмээх сайхан дууг ардын жүжигчин Ө.Баярмангай, зохиолч Ш.Цэрэндоо нар хамтран бүтээж Баярмангай гуай дуулж сонирхуулав.

Үг Ш.Цэрэндоо Ая Ө.Баярмангай

Зундуй заан

Зоригт вангийн хошуу хавьдаа
Золбоо хийморь босоо төрсөн
Батхан уулын оройн сүлднээс
Лут хаан чадлыг дээжилж өвөлсөн
(Дахилт)
Эрдэнэсантын мойл Зундуй
Энгүй бяр нь даанч дэндүү
Цог дэлгэрэх нягт зоригтой
Үнэн хүчтэй Улсын заан аа
Харийн дайсныг буулган авсан
Халхын голын цэрэг явсан юм
Дайчин эрсээс бяраараа шалгарч
Төрийн наадамд уриглаж ирсэн юм
(Дахилт)
Уран домгоор алдар нь түгсэн
Уурган дэгээ угсрах мэхтэй
Сайхан Монголын жинхэнэ галбир
Сант нутгийн минь алдарт хүчтэн
(Дахилт)
Дэвээд гарах нь хан шувуу
Бариад сугсрах барсын тэнхээ
Зодог дотроо зогдогт арслан
Золгож барилдахад дөрвөн хүчтэн
(Дахилт)

дуулсан бичлэгийг тун удахгүй оруулах болно.

Thursday, October 01, 2009

Монгол улсын үнэн хүчит заан "Мойл" хэмээх Эрдэнийн Зундуй гэж хэн бэ?

Энэ хүн бол Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяа Батхаан уулын өвөрт төрж өссөн нэгэн бөгөөд өгүүлэгч миний өвөг эцэг юмаа. Тодруулбал Миний эцэг Намнансүрэн нь Зундуйн ууган хүү болох юм.
1908 онд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт малчин ард Эрдэнийн ууган хүү болж төрсөн. Бага насаа эцэг эхийн хамт мал маллах, жин тээх зэргээр ажил, амьдралын гараагаа эхэлж идэр наснаасаа нутгийн бөх ах нараа даган барилдаж эхэлжээ. Түүний бөхийн авьяас чадвар, биеийн хөгжил нь бусдад гайхагдаж иржээ. Жинхэнэ монгол бөх хүний шинжийг агуулсан гэж бие бялдартай байсан гэж ярьдаг. Түүнийг маш их бяртай байсныг нотлох баримтыг нутгийн хөгшчүүл ярьдаг юм. Тэр нь Асарын гэрт 200 литрийн торхтой айргийн ганцаараа өргөөд нохой дайрахад нь өшиглөчихөөд цалигуулалгүй оруулж байсан гэдэг.

Өвөөгийн маань ид бяр жигдэрсэн 26 настай байхдаа улсын наадамд зодоглож 5 давж цог дэлгэрэх улсын начин, дараа жил нь 1935 оны улсын баяр наадамдаа 5 давж нягт зоригт Монгол улсын начин, улмаар 1940 онд ардын хувьсгалын 19 жилийн ойгоор 880 бөх барилдахад 6 даван шөвгөрч Монгол улсын үнэн хүчит заан хэмээх цолыг авчээ. Тухайн үед өмсөж барилдаж байсан зодог шуудаг нь түүний хань Өрнөх нь урласан байдаг ба одоог хүртэл Зундуйн төрсөн дүү Сүхийн гэр шуудаг нь, ууган хүү Намнансүрэнгийнд зодог нь хадгалагдаж байгаа.
Өвөөгийн маань талаар олон яриа үлдсэн байдгийн нэг нь түүний засуулаар олон жил явсан Чүлтэм тойны Тангад гуай үлдээжээ.
"Чадалтай бяртай сайн бөх даанч жаахан зориг муутай" гэж. Барилдах гэж байгаа бөхийнхөө талаар ямарч цол гуншинг нь хэлэлгүй барилдуудахаар ямарч том цолтой хүн байсан хамаагүй даваад л хүрээд ирдэг хүн байсан гэдэг. Тухайн үедээ маршал Чойбалсангийн бөх хэмээгдэн ид явсан Аврага Түвдэндоржийг нэг жил 2 удаа хаяж явсан гэдэг юм билээ.
Өвөө маань залуу хүүхэд байхын том хар нүдтэй хүн байсан тул түүнийг "Мойл" хэмээн авгайлжээ. Тэгш цагаан шүдтэй, тос даасан хүрэн бор царайтай өндөр нуруутай, лагс биетэй жинхэнэ сайхан монгол эр байжээ. Сайн хийдэг байсан мэх нь дэгээ ороох. Барилдаж байхдаа майхангийн гадасны утастай хамт ороогоод эргэхэд хамтад нь суга татан унагааж байжээ. Уурган дэгээ мэх ч гэж хэлдэг бололтой. Ер ар нуруугаараа унадаггүй хүн байсан гэх. Өвөө маань 1939 онд Дэжидийн Өрнөхтэй гэр бүл болж 4 хүүхэд төрүүлсэн байна.
Эрдэнийн Зундуй нь 1953 онд хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
2009 оны 10сарын 3,4-ны өдөр төрөлх нутаг Эрдэнэсантад нь түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үндэсний спортын баяр наадам зохиогдох юм.

Wednesday, February 04, 2009

Жүдогийн сэргэн мандал

Японд JUDO RENAISSANCE гэсэн үг байдаг. Монголчилвол "Жүдогийн сэргэн мандал" гэхэд болох байх. 2001 оноос Японы жүдогийн холбоо, Коодоокан(Коодоокан гэж чухам юу болох талаар монгол викигээс хараарай) хамтран хэрэгжүүлж эхэлж буй төслийн нэр.

Зорилго нь жүдог үндэслэгч Каноо багшийн анх эхлэн жүдог зохиосон үеийн зорилго, хүнийг сурган хүмүүжүүлэх арга барилын дахин ухамсарлахын тулд
1. Жүдогоор хичээллэгч хүний моралийн төвшинг ахиулах
2. "Хүн"ийг бүтээх жүдог дэлгэрүүлэх
гэсэн асуудлуудад төвлөрөн ажиллаж байгаа юм. Одоогоор бага дунд сургуулиуд болон орон нутгуудад өргөнөөр хэрэгжиж байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд
- Хүнтэй мэндчилэхдээ "Сайн байна уу" гэж цоглогоор эхлэцгээе.
- Хогийг хогийн саванд нь л хая, үгүй бол сэтгэл зүрхээ гээж байгаагаас өөрцгүй шүү
- Найз гэдэг бол нэг амьдралын үнэт зүйл шүү, үргэлж хайрлан хүндэтгэж харицацгаая
- Хэн нэгэн туслалцаа эрэлхийлж байгаа хүн ойрхон байвал зориг гарган туслацгаая
- "VIVA! JUDO"-г дэлхий дахинд дэлгэрүүлцгээе!

Үүнийг харахад жүдо гэдэг бол зөвхөн спорт биш, өөр илүү гүн ухааны утга агуулга бий шүү гэдгийг улам ихээр мэдрэх юм. Японд одоо ихэнх жүдогийн дэвжээнд хадаастай байгаа ханын зургаар өнөөдрийн бичлэгийг өндөрлөе дөө.


Монголд маань ч гэсэн "Жүдогийн сэргэн мандал" улам өргөн дэлгэрэх болтугай.

Tuesday, January 27, 2009

Олимпод оролцохын тулд...

Хаяа хаяа бичиж буй эзэн нь хүртэл мартах шахдаг блогт маань цаг саатан уншиж буй таньд " Шинэ оны халуун мэндийг дэвшүүлээд олз омог ихтэй баяр баяслаар дүүрэн он болох болтугай " гэж хүсье.
Дээрээс хойш хальт оруулчъя гэж бодож байсан нэг сэдэв бичихээр шийдлээ. Жүдогоор олимпийн эрх хэрхэн авдаг болсон талаарх шинэ дүрмийн талаар товчхон танилцуулая.
Үндсэн 3 том өөрчлөлт орсон.
1. 2008 оны 10 сарын 21-нд шинэчлэн тогтоосон дүрэмд зааснаар заагдсан тодорхой тэмцээнүүд дэх амжилтаар нь тамирчдыг эрэмблэх систем юм. Олимп хүртэлх 4 жилийн хугацаанд дахь хамгийн өдөр амжилт гаргасан 4 тэмцээний дүнгээр эрэмб тогтоож, эрэмбийн дарааллаар эхний эрэгтэй 22, эмэгтэй 14 тамирчинг нэг улсаас эсвэд нэг бүсээс нэг тамирчинг сонгох гэсэн системд шилжиж байгаа юм. Өдийг хүртэлх систем нь эрх авсан жингийнхээ тамирчинг өөрсдөө сонгодог байсан бөгөөд 4 жилийн турш байнгийн тэмцээнд оролцож тогтмол амжилт үзүүлэхгүй байсан ч гэсэн олимпод орж болдог байсан бол одоо энэ нь бэрхшээлтэй зүйлийн нэг болов. Заагдсан тэмцээнүүд гэдэгт нь ДАШТ, Мастеруудийн АШТ,4 Гранд Слим, 5 Гран при болон Дэлхийн цомийн АШТ гэсэн дарааллаар оноо тооцогдоно.
2. Мэхийн үнэлгээнээс "коока" үнэлгээг халж байгаа явдал юм. Энэ нь цэвэр ялалт буюу иппон үнэлгээгээр өрөлдөгчөө ялахын тулд тамирчдыг шамдуулах, нийт тэмцээний цагийг хэмнэх(идэвхигүй өрсөлдөөнгүй барилдааныг багасгах)ийн тулд хийж буй өөрчлөлт аж.
3. Олон улсын жүдогийн холбооний удирдах зөвлөл нь 11 хүнтэй байсныг 20 хүнтэй болгож хүрээг нь тэлжээ.
Ерөнхийдөө голф болон газрын теннисний эрэмбийн системийг үндсээ болгосон шинэ эрэмбийн систем нь энэ өвлийн ОУ тэмцээнүүдээс эхлэн албан ёсоор эхэлж байгаа билээ.

Sunday, November 09, 2008

Олимпын аврага жүдочин барилдахаа болино

Саяхан болоод өнгөрсөн Бээжингийн зуны олиммын наадмын шуугиан саяхан болтол үргэлжилсэн болов уу. Миний хувьд ч түрүү болоо хоногт л гэхэд анхны алт авсны төлөө гээд хундага тулгаж найз нартайгаа ганц нэг пивоны лааз хоослосондоо.
Олимпод амжилт гарсасан тамирчид ч гэсэн чих нь амсхийж дараагийн тэмцээн уралдаандаа бэлдэж эхэлж байна.
Нэгэн сонирхолтой мэдээ дуулгавал Бээжингийн олимпод үнэмлэхүй жинд алтан медалийн эзэн болсон Ишии Сатоши(1986.12.19нд төрсөн) жүдо барилдахаа болиж байгаа юм байна. Гэхдээ зодог тайлж байгаа юм биш, спортын ертөнцөд бол цаашдаа үргэлжлүүлэн "тулалдах" болжээ. Юу гэхээр японоор "соогоокакүтооги" буюу махчилбал "Нийлмэл(ерөнхий) тулаан"-ы урлагт хүч үзэхээр шийджээ.

Тэрээр энэ сарын 3нд хийсэн хэвлэлийн бага хурал дээр
"Бага байхын л хамгийн хүчтэй хүн болохыг мөрөөдсөн. Мэдээж эргэлзэх зүйл бол бий. Өөртөө л хамгийн зөв гэж бодож нийлмэл тулааны урлагийг сонгосон" гэж ярижээ. Нийлмэл тулааны урлагийн талаар товчхон тайлбарлавал "Гар, хөлөөр цохих, өчих, боох,бөхийн мэх хийх зэрэг довлож болох бүх зүйлийг зөвшөөрдөг тулааны урлаг юм".
Орон оронд зохиогддог олон тэмцээнүүд бий. Нэгдсэн дүрэм гэж байхгүй тухайн зохиож буй улс, тэмцээнээрээ ялгаатай. Японд бол "HERO", "PRIDE" зэрэг тэмцээнүүдээр хүмүүс мэдэх болуу. Монголчуудаас бол аврага Сумьяабазар маань 2 ч удаа нийлмэл тулааны урлагийн дэвжээнд зодоглосон. Мөн "Чингисийн цавчилт" хэмээх мэхээрээ алдартай Нарантунгалаг ч энэхүү нийлмэл тулааны урлагт хүч үзсэн билээ.
Ишии Сатошиг ийм шийдвэр гаргасанд ихэнх хэвлэл мэдээллийнхэн шоу ертөнцийнхөн уриалгахан хүлээж авч байлээ. Түүний хичээнгүй шантрагшүй зан нь амжилтанд хүргэх нь мэдээж байх. Миний хувьд бол шинэ залуу од нь байхгүй болж, жүдогийн ертөнцөд л томоохон гарз гарлаа даа гэж бодож байна.
Дэлхийн хэмжээнд японы сонгодог "柔道(жүдо)" олигтой амжилт гаргахгүй болж, зөвхөн ялахын төлөөх барууны стилийн "JUDO" хөгжиж байгаа нь ч Ишии Сатошиг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн болов гэж таамаглаж байгаа.
Тодруулга: Нийлмэл тулааны урлагийг нохой зодоон гэх хүмүүс байдаг. Миний хувьд бол зодоон биш урлаг гэж ойлгож байгаа. Тэгээд ч анхлан "нохой зодоон" гэж гэрлэгдэж байсан зүйл бол нийлмэл тулааны анхны үндэс гэж хэлж болох "pro wrestling буюу мэргэжлийн бөх" юм. Үндсэндээ бол жинхэнээсээ зодолдож ялах биш жүжигчилсэн үзүүлбэр байдгаараа онцлог.

Tuesday, October 14, 2008

Сайхан мэдээ

Япон улсын бүх их дээд сургуулиудын аврага шалгаруулах эрэгтэйчүүдийн 27 дахь эмэгтэйчүүдийн 24 дэх тэмцээн өнгөрөгч долоо хоногийн сүүлээр болж өнгөрөв.
Жил болгон л болж өнгөрдөг. Үе үеийн жүдогийн хүчтэнгүүдийн дайрч гардаг тэмцээн.
Харин энэ жил их онцлогтой. Юу гэхээр энэ удаагийн 100кг-н жинд "Нихон" их сургуулийн 1-р курсын оюутан Баттулгын Тэмүүлэн гэж монгол залуу түрүүлэв.



"Тэмүүлэн ахлах сургуулиудын биеийн тамирын спартакиадын нээлтэнд тангараг өргөж байгаа нь"

4 жилийн өмнө Японы Ишикава мужид байрлах "Японы нисэхийн 2-р дунд сургуулид ирж суралцан жүдогоор хичээллэж байсан тэрээр одоо 19 настай бөгөөд түрүүлсний дараа ярилцлага өгөхдөө "Маш их баяртай байна. Толгой ажиллуулж мэх уралдуулан барилдах хэрэг гардаг болохоор бөх дундаас жүдод хамгийн дуртай. Сүкүйнагэ буюу хийсэн мэхнийх нь хийг нь тааруулж хийдэг мэхэнд гаргуун. Японд жүдод суралцан цаашлаад олимпын аврага болохын төлөө эрмэлзэнэ" гэжээ. Тэрээр дунд ангидаа монгол бөх болон жүдогийн төрлөөр улсын аврага болж байсан юм байна. Одоо тэрээр "Нихон" их сургуулийн Боловсролын тэнхимийн 1-р курсын оюутан.



"Жүдогийн дугуйланд Тэмүүлэнтэй хамт шинээр орж буй 1-р курсынхан"
"Нихон" их сургууль нь эртний түүхтэй томоохон хувийн их сургуулиудын нэг юм.
Юутай ч гэсэн нэгэн Монгол хүү жүдогийн эх өлгий болсон японы дэвжээнд нэрээ дуурсгаж чадлаа. Дэлхийн дэвжээнд тун удахгүй нэр дуулдах байх гэж хүлээж байяа.
Тамирчны алдар бадартугай.

Monday, October 13, 2008

Тошихико Кога гэж хэн бэ?

Ахыгаа даган бага сургуулийн нэгдүгээр ангиасаа эхлэн жүдогоор хичээллэсэн тэрээр одоо бол жүдо сонирходог хүн бүрийн мэддэг хүн билээ.


Мэхийн олон төрөл түүн дээрээ мэх бүрийн хувилбар хослолыг хийхээс гадна өөрөө зохиож ирсэн нь "Хэйсэйгийн Саншироо" гэж нэрлэгдэхэд хүргэжээ. (Хэйсэй гэдэг нь японы тоолол бөгөөд 1989 оноос одоо үргэлжилж байгаа. Томита Цүнэогийн нэрт зохиол "Сүгата Саншироо"-н Саншироотой дүйцүүлжээ. Дашрамд хэлэхэд Саншироо нь Сайгоо Широо хэмээх бодит хүний дүр)
Кога нь 1967 онд Япон улсын өмнөд хэсэгт байрлах Кюүшюү арлын Сага мужад төржээ. Жүдогийн хар бүс 7-р дантай.Барселон зун олимп алтан медал, Дэлхийн 3 удаагийн аврага (1989, 1991, 1995). Үнэхээр ид үедээ юу хийх нь мэдэгдэхгүй, өмнөх тэмцээн дээр хийж байсан мэхийг нь хамгаалах мэх бодож бэлдээд ирэхээр түүнийг нь хариулах мэх бодож зохиогоод л гол нь тэр мэхээ амжилттай хэрэглэдэг байсан нь Когагийн хэр хөдөлмөр бүтээлч болохыг илтгэнэ. Түүний амьдралын уриа нь "Хэзээ ч бууж өгч мохохгүй байх" юм. Барселоны олимпын тэмцээнээс хэдэн хоногийн өмнө өвдгөндөө бэртэл авсан тэрээр "Хэрвээ би тэнд за одоо ингээд өнгөрсөн дууссан гэж бодсон бол л медал байтугай нэг ч ялалт авч чадахгүй байсан" гэж ам бардам ярьж байхыг нь бичигч миний бие яг хажууд нь сууж байгаад сонсож байж билээ. Азтай миний бие Кога гуайг зодог тайлсных нь дараа байсан ч гэсэн энэ их хүнтэй "зодоглож үзсэн" шүү гэж одоо ч гэсэн бахархан бодож явдаг юм. Тэрээр одоо багш дасгалжуулагч хийхийн хажуугаар жүдогийн шилдэг үеийн дараа үеийг бэлдэх өөрийн гэсэн дэвжээ ажиллалуулж байгаа билээ. Мөн түүнчлэн олон сургууль тэнхимүүдэд урилгаар очиж өөрийн амьдралын замнал зэргийн талаар лекц уншин тун завгүй байдаг бололтой.
Түүний гаргуун эзэмшсэн үүрэх мэх, тэрэн дотроо нэг гарын барьцтай үеийн "Иппонзэой" үүрэх мэхний төрөл болон хувилбар, хуурч өөр мэх хийж байгаа зэргийг товчхон үзүүлсэн нэгэн бичлэг үзэв.
Таалан соёрхоно уу.