Showing posts with label Монгол бөх. Show all posts
Showing posts with label Монгол бөх. Show all posts

Monday, October 26, 2009

Зундуй заан

Өмнөх бичлэгт бичсэнчлэн Зундуй зааны 100 насны ойд зориулсан спортын баяр наадам тун сайхан болж өнгөрлөө.

Түүний үр хүүхэд, төрөл төрөгсөд нь зохион байгуулсан энэхүү наадам нь нэг үгээр хэлэхэд Эрдэнийн Зундуйн ургийнхны баяр болсон гэхэд хилсдэхгүй байхаа. Нутгийн ард түмэн мөн сэтгэгдэл өндөртэй сайхан наадам боллоо гэж ярьж буй нь чих дэлсэж байлаа. Эхний өдөр нь үндэсний бөхийн 3н үеийн чуулга барилдаан болж залуу хүүхдүүдийн гал дөл үсэрсэн барилдаанаар ойн арга хэмжээ нь эхэлсэн юм. Аргагүй л спортод элэгтэй ард түмэн гэдэг, сумын арван жилийн спорт заал пиг дүүрэн хүн үзэж байв.
2 дахь өдөр нь улсын, аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаан болж өнгөрлөө. Цаг агаар ч сайхан тогтуун, намрын налгар сайхан өдөр. Бичигч миний бие бага насандаа хурдны морь унаж, ахынхаа хамт морио хөтлөн ойр орчмын сумдуудаар наадам хэсэж явдаг нэгэн байлаа. Япон улсад ирснээс хойш яг наадам үзэлгүй 7,8 жил болжээ. Ойрд наадам үзээгүй миний нүд баясан, сэтгэл тэнийвээ гэж...

Наадмын талбай (цаад онгорхой байшингууд хөдөөгийн байгаа төрхөө гэж)

Түрүүлсэн бөх хурдан удамтай дааганы эзэн болж байнаа.

Мойл Зундуйн үр сад (Зүүн талаас Батбилэг, Намнансүрэн, Должинсүрэн, Адьяахүү)
Ойг тохиолдуулан Зундуй заан хэмээх сайхан дууг ардын жүжигчин Ө.Баярмангай, зохиолч Ш.Цэрэндоо нар хамтран бүтээж Баярмангай гуай дуулж сонирхуулав.

Үг Ш.Цэрэндоо Ая Ө.Баярмангай

Зундуй заан

Зоригт вангийн хошуу хавьдаа
Золбоо хийморь босоо төрсөн
Батхан уулын оройн сүлднээс
Лут хаан чадлыг дээжилж өвөлсөн
(Дахилт)
Эрдэнэсантын мойл Зундуй
Энгүй бяр нь даанч дэндүү
Цог дэлгэрэх нягт зоригтой
Үнэн хүчтэй Улсын заан аа
Харийн дайсныг буулган авсан
Халхын голын цэрэг явсан юм
Дайчин эрсээс бяраараа шалгарч
Төрийн наадамд уриглаж ирсэн юм
(Дахилт)
Уран домгоор алдар нь түгсэн
Уурган дэгээ угсрах мэхтэй
Сайхан Монголын жинхэнэ галбир
Сант нутгийн минь алдарт хүчтэн
(Дахилт)
Дэвээд гарах нь хан шувуу
Бариад сугсрах барсын тэнхээ
Зодог дотроо зогдогт арслан
Золгож барилдахад дөрвөн хүчтэн
(Дахилт)

дуулсан бичлэгийг тун удахгүй оруулах болно.

Thursday, October 01, 2009

Монгол улсын үнэн хүчит заан "Мойл" хэмээх Эрдэнийн Зундуй гэж хэн бэ?

Энэ хүн бол Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяа Батхаан уулын өвөрт төрж өссөн нэгэн бөгөөд өгүүлэгч миний өвөг эцэг юмаа. Тодруулбал Миний эцэг Намнансүрэн нь Зундуйн ууган хүү болох юм.
1908 онд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт малчин ард Эрдэнийн ууган хүү болж төрсөн. Бага насаа эцэг эхийн хамт мал маллах, жин тээх зэргээр ажил, амьдралын гараагаа эхэлж идэр наснаасаа нутгийн бөх ах нараа даган барилдаж эхэлжээ. Түүний бөхийн авьяас чадвар, биеийн хөгжил нь бусдад гайхагдаж иржээ. Жинхэнэ монгол бөх хүний шинжийг агуулсан гэж бие бялдартай байсан гэж ярьдаг. Түүнийг маш их бяртай байсныг нотлох баримтыг нутгийн хөгшчүүл ярьдаг юм. Тэр нь Асарын гэрт 200 литрийн торхтой айргийн ганцаараа өргөөд нохой дайрахад нь өшиглөчихөөд цалигуулалгүй оруулж байсан гэдэг.

Өвөөгийн маань ид бяр жигдэрсэн 26 настай байхдаа улсын наадамд зодоглож 5 давж цог дэлгэрэх улсын начин, дараа жил нь 1935 оны улсын баяр наадамдаа 5 давж нягт зоригт Монгол улсын начин, улмаар 1940 онд ардын хувьсгалын 19 жилийн ойгоор 880 бөх барилдахад 6 даван шөвгөрч Монгол улсын үнэн хүчит заан хэмээх цолыг авчээ. Тухайн үед өмсөж барилдаж байсан зодог шуудаг нь түүний хань Өрнөх нь урласан байдаг ба одоог хүртэл Зундуйн төрсөн дүү Сүхийн гэр шуудаг нь, ууган хүү Намнансүрэнгийнд зодог нь хадгалагдаж байгаа.
Өвөөгийн маань талаар олон яриа үлдсэн байдгийн нэг нь түүний засуулаар олон жил явсан Чүлтэм тойны Тангад гуай үлдээжээ.
"Чадалтай бяртай сайн бөх даанч жаахан зориг муутай" гэж. Барилдах гэж байгаа бөхийнхөө талаар ямарч цол гуншинг нь хэлэлгүй барилдуудахаар ямарч том цолтой хүн байсан хамаагүй даваад л хүрээд ирдэг хүн байсан гэдэг. Тухайн үедээ маршал Чойбалсангийн бөх хэмээгдэн ид явсан Аврага Түвдэндоржийг нэг жил 2 удаа хаяж явсан гэдэг юм билээ.
Өвөө маань залуу хүүхэд байхын том хар нүдтэй хүн байсан тул түүнийг "Мойл" хэмээн авгайлжээ. Тэгш цагаан шүдтэй, тос даасан хүрэн бор царайтай өндөр нуруутай, лагс биетэй жинхэнэ сайхан монгол эр байжээ. Сайн хийдэг байсан мэх нь дэгээ ороох. Барилдаж байхдаа майхангийн гадасны утастай хамт ороогоод эргэхэд хамтад нь суга татан унагааж байжээ. Уурган дэгээ мэх ч гэж хэлдэг бололтой. Ер ар нуруугаараа унадаггүй хүн байсан гэх. Өвөө маань 1939 онд Дэжидийн Өрнөхтэй гэр бүл болж 4 хүүхэд төрүүлсэн байна.
Эрдэнийн Зундуй нь 1953 онд хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
2009 оны 10сарын 3,4-ны өдөр төрөлх нутаг Эрдэнэсантад нь түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үндэсний спортын баяр наадам зохиогдох юм.