Showing posts with label Үглэл. Show all posts
Showing posts with label Үглэл. Show all posts

Saturday, January 23, 2010

Шинэ он гарчихлаа гэж...

Миний блогоор зочилж буй танд ирж буй шинэ ондоо амжилт бүтээл, ашиг орлогоор дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Гүүглээс харж байсан чинь инээдтэй хөөрхөн мэндчилгээний кард оллоо. Өөрөө хийгээгүй ч үүнийг хараад хэсэг хором ч болтугай жуумалзаад өнгөрөөсэй гэж бодсон тул сонгож хийлээ.

Энэхүү блогоо ноороглож эхлээд таван жил болчиж. 2005 оны 1сарын 24нд анхны тэмдэглэлээ хөтлөж байжээ.
Нэг мэдэхэд 2010 он гарчиж. Гэхдээ шинэ он угтах үед ойрын жилүүдэд байгаагүйгээр хэт их завтай байлаа. Тэр нь мэдээж одоохондоо ажил хийхгүй байгаа болохоор. 10сараас эхлэн ажлаа солих санаатай хуучин ажлаасаа гарч, шинэ ажил хайх маягийн. Дээхэн үед байсан бол ч гадуур дотуур хөөцөлдөх ажил, утас шөрмөс цохихоос авахуулаад мундахгүй их байсан болов уу. Орчин үед интернэт гэж амар юм дөө. Сонирхож байгаа пүүс компанийхаа мэдээллийг хоомпээжнээс нь хараад л, цаг тохирч ярилцлаганд ороод, шалгалт өгөөд гэх маягаар.
Гэхдээ зориг гарган ажлаа солихоор шийдсэн болохоор яаран шийдэхгүй гэсэн станстай байгаа ч голж гологдож байсаар хагас жил болох нээ бараг. Өдөр гэдэг чинь ийм урт байдаг билүү гэж оюутан байхдаа л бодож байсан нь санаанд орох юм. Нэг бодлын завтай сайхан нөгөө бодлын дэмий цаг алдаад байгаа ч юм шиг.
Юу ч гэсэн 2009 он миний хувьд амьдралд нээх олон байхгүй болов уу гэмээр зүйл олон байжээ.
Ажил дээр тушаал дэвшиж, анх удаа хүн загнах ямар хэцүү байдгийг мэдрэв. Нээх том тушаал биш ч, удирдах гэдэг байр сууринд албан ёсоор хүрсэн маань байлаа. Бас дээр нь хүн халах. Дэлхий даяар хямрал гээд л бужигнаж байхад хямралын давалгаа надад ингэж тусав. Урд өдөр нь л хамтдаа хичээе гээд хэлж байсан хүнээ маргаашнаас нь ажиллах өдрөө багасгаач, энэ сард ажлын өдөр бараг байхгүй шүү гэж хэлэх ч хэцүү байсан шүү.
Дараа нь ажлаа солино гэж шийдсэн явдал байлаа. Бараг л 1 долоо хоногийн дотор шийдэв гэж. Үргэлжлүүлээд Японд ирснээс хойш анх удаа монголдоо 2 сар орчим байж, гэрийнхэн найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүллээ. Бөөн энерги одоо бол. Одоо намайг авч ажиллуулсан газар ч алдахгүй дээ гээд өөрийгөө бяцхан пии-аардчий. хэхэ
За өнгөрсөн үйл явдал ч яахав шинэ оноо ямар жил болгох вэ гэдэг чинь л чухал даа.
Амжилт хүсээрэй надад

Wednesday, July 09, 2008

Боловсорсон нийгэм

Гэнэт жүдо спорт гэсэн сэдвээс хазайгаад хатуухан сэдвээр багахан шиг хадуурахаар шийдэв. Саяхан эх оронд маань болсон УИХ-н сонгуулийн үйл ажиллагаа, тэрний дараа болсон үймээний талаарх юм. Гадаад оронд байгаа "бидний" хувьд сонгууль нь холуур өнгөрч буй хуй салхи л байв. Дайрч өнгөрсөн хэсгээ танигдахгүй болгохоор өөрчлөх хүчтэй нь байвал, сүр бадруулан тоос шороо босовч хүчгүй сул хуй салхи ч бий. Энэ удаагийн сонгууль чухам аль хуй салхи байх нь ирэх 4 жилийн хугацаа л үзүүлэх болов уу...хараахан энэ сонгуулийн жинхэнэ дүн нь гарч ирээгүй байгаа ч цаг хугацаа биднийг хүлээхгүй.

Яг үнэндээ бол гадаад байгаад байгаа болохоор ч юм уу ажилдаа жаахан дарагдаад ч тэр юм уу, эх орондоо ямар үйл явдал юу болж байгааг мэдэхгүй өнгөрөх нь их, мэдсэн ч бага биш цаг хугацаа өнгөрсөн байдаг. Ингэж бодож байгаа нь ганцхан "би" биш байх гэж найдаж байна. Эхлээд энэ жилийн сонгууль ч ижилхэн, Цахим-Өртөөний мэйлнүүдээс ч юмуу, Сумо ч Батбаяр нэр дэвшиж байна гэдгээс л, нээрээ сонгуулийн жил юм байна шүү дээ гэх төдий л бодогдоод өнгөрсөн байх. Сонгуулийн орой гадуур гараад нилээн оройхон гэртээ орж ирээд нэг яахүү мэссэнжэрт үлдсэн оффлайн захианд "Монголд бөөн юм болж байнаа" гэсэн ганц мөр байлаа. Сонгуулийн өдөр байсан юм байна гэж санаад нэтээс сонгуулийн талаар хайв. Хамгийн эхэнд гарч ирсэн мэдээнд "Монголд онц байдал зарласан" гэнэ, "Хувьсгалт намын байр руу иргэд дайрч байна" гэх зэрэг түгшүүртэй мэдээнүүд байв. Ингээд яах аргагүй анхаарал татаж яав ийв гэж бодож эхлэв дээ.
Янз бүрийн мэйлинг лист, оффлайн мэссэж, сонингийн мэдээ, гүүгл, youtube зэргээс төрөл бүрийн л мэдээлэл олж авав. Хүн бүр л өөрт байгаа мэдээлэл дээр үндэслэж өөрийнхөөрөө харж, дүгнэлт анализ хийсэн байсан.
Ямарч байсан сонгуулийн дүнгээс болж үймээн өрнөж, хүний амь үрэгдэж, Ху намын байр товрого болж, урлагийн үнэт зүйл эвдэгдэж алдагдсан гэсэн "нэгэн явдал" болоод өнгөрч...(Мэдээж одоо ч гэсэн өрнөл хэсэгтээ явж байгаа)

Зөвхөн өөр байгаа мэдээлэл, видео бичлэгүүдээс хараад дээрх үймээний талаар бодсоноо бичихээр шийдлээ. Үймээний буруутан хэн бэ гэж хайх нь чухал биш, яагаад үймээн гарах болов гэдгийн тунгаасан нь дээр гэдгийн олон хүмүүс хэлж байгаа.
Сонгуулийн дүн болон сүүлийн үед ард түмний өдөр тутмын амьдралд хүчтэй бас хэцүү нөлөө үзүүлж байгаа үнийн өсөлт, жилээс жилд яригдаж ирсэн хээль хахууль хууль бус бусармаг үйлдлийн төлөөх бухимдалын бөөгнөрөл нь уг үймээний шалтгаан боллоо гэж үзсэн хүмүүс их байна.
Мэдээж үгүйсгэх аргагүй. Гэтэл үймээний үед бичсэн дүрс бичлэгүүд дээрээс харахад үймээнд оролцож байгаа хүмүүс дийлэнх нь залуус хүүхдүүд байгаа харагдсан.(дунд байгаагүй болохоор яг тийм эсэхийг та бүгд тунгаана биз ээ)
Их дээд сургууль төгсөөд удаагүй ч юмуу, эсүүл ид яг сурч боловсрох үедээ байгаа залуус. Тэд яагаад тэнд их олон байв?? Өнөөдрийн бичлэгийн гол хэсэгт ороцгооё.
Оршил хэсэг нь жаахан суржирч орхилоо.

Монгол маань залуучуудын орон. Япон шиг 3 хүнд 1 тэтгэвэрийн насний хүн ноогдох хөгширсөн нийгэм биш. Аливаа нэг өөрчлөлт шинэчлэлтийн эхний шугамд залуучууд маань байх нь гарцаагүй.
Монголд ардчилсан хувьсгал гараад удахгүй 20жил болох гэж байна. Социализм гэдгийг огт мэдэхгүй түүхийн номноос олж уншиж одоо амьдарч байгаа нийгэм нь угаасаа л ийм байсан юм шиг бодож буй ийм л хүмүүс яг одоо орчин үед нас бие гүйцэж, хувь хүнээс нийгмийн хүнд шилжиж буй үе. Тэд нийгэмд яг юу болж байна, яагаад ийм юм болж байна вэ гэж ном сонин сэтгүүл ТВ интернэт гээд л мэдээллийн эх сурвалжаас мэдээлэл авч өөрийн ухаанаар бодож боловсруулдаг болж эхэлж байгаа үе. Зөв уу буруу юу гэдгийн жаахан байхад аав ээж багш нараар л заалгадаг. Харин "том хүн" болсны дараа өөрөө л зөв гэвэл зөв, буруу гэвэл буруу энэ эрх чөлөөг эдлэх эрхтэй болж байгаа. Мэдээж дураараа байж чадна гэж хэлж байгаа юм биш. Түүнийг хязгаарласан эрх үүргинй холбоо байгааг хэзээ ч мартаж болохгүй. Хадуурах нь...
Монголд ардчилалыг авчирсан аавын хүүхдүүд ч мөн ижил хар цагааныг ялгаж, энэ чигээрээ байж болохгүй гэдгийг анзаарч тэр том ажлыг эхлүүлсэн. Гэхдээ тэд ч мөн ижил "социализм"-н хүүхдүүд. Хичнээн бүрэн дүүрэн боловсорч ардчилал гэж юу байдаг талаар уриалсан ч хэрэгжүүлж чадах хязгаар байсан байх. Яагаад гэвэл тэдний далд ухамсар, тархинийх нь мэдээллийн сурвалжийн аль нэг хэсэгт социализмаас үлдсэн "юм" байх ёстой. Тэр "юм" нь сайн нь ч бий муу нь ч бий.
Тэхдэ монгол бага багаар арчилал руу шилжиж л байгаа. Гол нь шилжилтийн үе ямар урт удаан байна вэ гэх нь бий. Ардчилалын үеийн хүүхдүүд л жинхэнэ ардчилалыг байгуулна. Тэд л одоогийн системийг өөрчилж, энэ "Ардчилсан монголын том хүнд сурталын систем"-г үндсээр нь өөрчилж чадна.
Монгол боловсросон лидер залуус олон бий. Даанч тэднийг энэ том систем нухчиж хаяж байна. Нөгөө нэг хэсэгт боловсорч чадаагүй нийгмийн сэтгэлгээ нь төлөвшөөгүй залуус ч их олон байна. Тэднийг "боловсруулж" авахгүй бол монголд ардчилал хөгжихгүй. Нэг л гольдролоор эргэлдээд л, цаг хугацаа өнгөрөөд л.
"Боловсорсон нийгэм" - хамгийн наад захын хууль дүрэм, нийгмийн зөв хэвшил гэж юу байдаг вэ гэдгийг мэдээд дээр нь түүнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүсийн нийгэм.
Саяын сонгуулийн дараах цуглаан ч гэсэн юмийг өөрчлөе, шинэчлэе гэсэн үед бий болдог ардчилсан нийгмийн хамгийн энгийн үйлдлүүдийн нэг. Гэтэл үймээн болон дэгдэж, хүний эд хөрөнгөөр дутахгүй улсын тэрч бүү хэл соёлын үнэт зүйлсийг шатааж, эвдэн сүйтгэж, дээр нь бүр хүний амь хүртэл үрэгдлээ. Аливаа өөрчлөлтийн үед гарз хохирол байхгүй байна байхгүй гэж цээжээ дэлдэх хүн гарч ирж магадгүй.
Тийм биш шүү, одоо чинь ардчилсан нийгэм шүү дээ. "Боловсорсон нийгэм"-н бүтээгдэхүүн байсан бол арай ч ингэж хэлэхгүй, дээрх шиг явдал ч гарахгүй.
Дээрх үймээн монголд ардчилсан хувьсгал гарснаас хойшхи ард түмэн жирийн иргэдийн бухимдалын илрэл ч байсан. Зөвхөн сүүлийн 4 5жилийнх ч биш болов уу. Зөв сайхан болж өөрчлөгдсөн юм ч бий, буруу байсан ч зүйл бий. Ардчилсан нийгэм үүссэнээр бий болсон сайн сайхнаараа л зөвхөн бахархах биш, муу муухайг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бүгд л энэ миний буруу биш гэж өөрөөсөө зайлуулна. Сайн бодоорой тийм биш шүү...
Одоо л монгол өөрчлөгдөх үе, холоос харж хөндлөнгийн хүн шиг зүгээр ярьж байж хүн шиг өөрийгөө бодож байна. Гэхдээ хэлэхгүйгээр өнгөрч чадахгүй болохоор л өөртөө үглэж суугаа минь энэ.
Эцэст нь хэлэхэд залууусийг маань зөв гольдрол руу оруулах хөдөлгөөн л хэрэгтэй байна. Хөдөлгөөн гэхээр заавал цуглаж хуралдаж бөөгнөрч хийх юм биш болсон. Хамгийн дөт хурдан зам бол "Боловсорсон нийгэм"-г төлөвшүүлцгээе. Хэн нэгнээр хэлүүлж биш хувь хүн өөрийгөө боловсруулж, хүний нийгмийн төлөө байцгаая.