Monday, May 21, 2007

Дахин учирсан дурлал

Цувралаа үргэлжлүүлээчээ гэх хүн ч байлаа. Блог чинь жүдогоор амьсгалж байнаа. Жүдо сонирхдоггүй хүнд сонин биш байхдаа гээд л блогийн маань талаар олон хүн надад санал хэлж байхын. Хэн хэнийнх нь зөв шүү. Цувралаа ч таслахгүй хааяа өөрийнхөө тухай ч бичээд, эсүүл бүр шал хамаагүй зүйл ч бичиж магадгүй. Тиймээс ч "Юм юмнаас" гэж нэрлэсэн дээ. Хааяа ч болсон шагайгаад гардаг та бүхэндээ баярлалаа.
Энэ удаад өөрийнхөө ойрын үеийн байдлаа танилцуулая дөө.

Дээр үед хаа нэгтэй гээж орхисон хүүхэл ахуйн дурлалтайгаа эргэн учрав. Ойрд хийх юм ч байхгүй. Ажилдаа ортол дахиад сар хагас.
Хааяа нэг гарч арбайт хийчээд бусад үед нь бол гэрийн сахиул. Ямар сайндаа гэрийн эзэгтэй шиг болчиж гэж хэлүүлэх вэ дээ. хэхэ. Нээрээ өдөр тийшээ болоод ирэхээр оройн хоолоо яах вээ гэж боддог болоод байгаа шүү.

За халуурч байна. Яриандаа буцаж ороё.

Бага байхын гэртээ ганцаараа байж ном унших дуртай нэгэн байлаа. Эхлээд Үл мэдэхийн үлгэрүүд, Мянга нэгэн шөнийн үлгэр, Сүүлэнхүү гээд хүүхдийн уран зохиол, үлгэрүүдээр эхэлж, бага насны хайр дурлал, 10 жилийн ариун үерхэл зэргийн талаар бичсэн тууж, романы амтанд орж, үргэлжлүүлээд Газар Шороо, Элс цас, Манан будан, Тунгалаг Тамир, Хувь заяа гээд монголын шилдэгүүдийнхээ түүхэн цуврал романуудыг нүд салгалгүй уншсандаа.
Монте Кристо гүн, Инээмтгий хүн, Морь унасан толгойгүй хүн, Газарчин, Усан доогуур 80мянган бээр гээд л шилдэгүүдийг уншиж эхлэх үед дөнгөж 7-р ангид байсан ч номын мангас болсон байсандаа итгэлтэй байна. Эхлээд гадаад хүний нэр гарч ирдэг ном уншихад их төвөгтэй санагддаг байж билээ. Монте Кристог бол эхний ботийг 5-р ангидаа нэг бариж аваад ялаглаж байсандаг. Нэрнүүд нь мартагдаад дахин дахин өмнөхөө эргүүлж хараад залхаж байсансан.
Инээмтгий хүнд 3 удаа ялагдаж байсан. Хамгийн эхний хэсэг асар уйтгартай бас жоохон аймшигтай. Ганцаараа байх нь их байсныг хэлэх үү дотор жихүүцээд, бас залхуу хүрээд give up хийсэндээ.

7р ангиас эхлээд детектив зохиолд нугасгүй болж Ж.Х.Чейзийн цувралыг алгасалгүй уншиж бараг 60 70 боть уншсан байхаа. Яг ажилд ороод санхүүгийн хувьд надаас хамаагүй боломжтой том ахтайгаа хамт амтанд нь орж байсан нь их хэрэг болсондоо. Тэгэхгүй бол шинэ цувралыг авч өг гэж аав ээжийг шаналгах ч хэцүүхэн байсан цаг үедээ. Номонд мөнгө зарах боломж тухайн үед их хомс, талханд оочерлох нь арай гайгүй болж байсан үедээ. Аймгийн төв ч хотыг бодуул арай л сүүлд хангамж сайжирсан байхаа.

10-р анги төгстлөө л номонд өгсөн дурлал маань тухайн үед сайн болж байсан ямарч охинд өгсөн сэтгэлээс маань хүчтэй байсан гэдэгт итгэлтэй байнаа.

Даанч оюутан гэдэг нэр зүүж их сургуулийн босго алхснаас хойш хичээлд хэрэгтэй л ном уншиж, боловсорч гэгээрэхийг хичээж эхэлсэн дээ. Японоор хэд хэдэн өгүүллэгийн ном, зохиолууд уншиж байсан ч хүүхэд байхдаа уншсан шигээ нойр хоолоо хугаслан байж уншаагүй ээ. Зүгээр л цаг нөцөөх гэж л...

Тэгтэл сүүлийн үед цаг нөцөөх гэж уншиж эхэлсэн номынхоо амтанд оров. Ж.Пүрэв гуайн "Боржгон цохио доргилоо" гээд түүхэн роман. Төрсөн өдрийн маань бэлэг юм л даа.
Бага зэргийн хийсвэрлэл орсон ч, 1911 онд чухам хэн юуг, яах гэж хийв. Тухайн үеийн Монголын нийгэм, улс төрийн амьдрал хамгийн нөлөөтэй байсан сайд, язгууртнууд, хутагт лам нарын талаарч бас түүхэн баримттайгаа гарах тул тун сонирхолтой. Мөн 1921 оны хувьсгал болон түүнээс олсон зүйл болон алдаа завхралын талаар тун сайн бичсэн роман. Өмнөх ботийг нь олж уншмаар болсон.
Монголынхоо тухай юу ч мэддэггүйм байна гэдгийг маань надад сайн мэдрүүлэв. Түүхийн талаарх мэдлэг, боловсролоо дахин цэнэглэх сайхан боломж тул 7 сард нийгмийн хүн болтлоо өөрийнхөө хувийн боловсролоо дээшлүүлэхээр шийдэв. Одоо "Монгол орон" гээд 1910-аад оны сүүлээс эхлүүлээд Ардын хувьсгал ядах хүртэлх хугацаанд монголд тэнүүчилж байсан Ф.Оссендовски гээд польш хүний аяллын тэмдэглэлээс уншиж байна. Яг л адал явдалт роман шиг л санагдаж байнаа.

Дахин учирсан дурлал минь дахин бүү холдоосой...

2 comments:

Unknown said...

Үүрдийн хайр, заяаны хань чинь байлгүй дээ. :)

Anonymous said...

hi nadad baahan chez-n nomnud bgaa avch unshbal unshiarai ,bas solongos helni nomig chini hurtel ogch bolno shuu