Sunday, August 19, 2007

Жүдо унахын гайхамшиг

Энэ гарчгийг хараад гайхах хүн байж магадгүй. Хүн хараад сайхан юм унших сэтгэлзүйн бэлтгэлтэйгээр эхлүүлэх тийм гарчиг ихэвчлэн сонгодог л доо. Унах гэдэг үгийг эхлээд сонсоод эерэг зүйл бодох хүн ховор байх. Харин гайхамшиг гэдэг үгтэй хослуулвал тэндээс юу гарах бол гэж бодоод өнөөдрийнхөө бичлэгийн гарчгийг сонголоо.

Унахын гайхамшиг, зүгээр морь тэмээ машин тэрэгнээс авахуулаад ямар нэг зөөврийн хэрэгсэл жолоодохын унах биш шүү. Ямар нэг зүйлээс ойчих, бүдэрч унахын "унах".
Жүдо барилдаж сурах гээд анхлан их сургуулийнхаа жүдогийн клубт очоод шууд л орно гээд орчихсон. Одоо бол сайхан хөгжилтэй л үеүүд санаад орж байна. Тухайн үед бэлтгэл нь хүнд, хэцүү санагдаад бол болимоор санагдаж байсан үе бол цөөнгүй бий.
Эхний өдөр ч яахав сайхан, надад бүгдээрээ шидүүлж аль байдаг найрсаг бүхий зангаа гаргасан байх. Дараагийн өдрөөс эхлээд л нэгэнт ам өчгийг маань авчихсан юм чинь гэсэн шиг жинхэнэ жүдо гэж юу байдаг талаар лекц уншуулав. За тэгээд бие халаалт нь арай гэж эхлээд хэдэн хөдөлгөөн хам хум хийчээд л ашгүй сайхан барилдаж эхлэх нь гэтэл миний нэрийг дуудав. Шинээр эхэлж байгаа учир тусгай менюгээр хичээллэнэ гэв. Юу юм болдоо гэтэл "унаж сурах дасгал гэнэ". Японоор бол үкеми - утгачилвал биедээ хүлээж авах гэсэн үг л дээ. Урагшаа хойшоо, баруун зүүн гээд 4 янзын үкэми 50 50 удаа хий гэнэ. Өө юу байхав харахад амархан юм байна гэж бодоод л эхлэв ээ.
За даа эхний 10 дахиас эхлээд үгээ хэлж эхлэх нь тэрдээ.
Хамаг бие доргиод л алга өвдөөд л. Хүн барилдмаар байхад чинь ухааны юм бодоод л хөмхийгөө зуугаад арай гэж 30 30 хийв. За болиж үзье гээд бодож байтал ашгүй дээд курсын залуугаас нэг зөвлөгөө авч газар алгадах үеийнхээ таймингаа засав. Арай дээрдэж байна. Ийнхүү эхний өдөрч өнгөрөв. Орой нь тухтай ч унтаж чадахгүй, маргааш нь бол хичээлдээ арай хийж очин, хамаг бие хүндвэрлээд, шатаар бараг хөлөө гараараа өргөж, толгойныхоо үснээсээ татах нь холгүй өгсөж уруудаж байв.
Тэгсэн ч бэлтгэлдээ гүрийгээд очлоо. Бие хүндүүр бэлтгэл бараг хийж чадахгүй байх гэтэл, аан тэгдийн тэхдээ таслах аргагүй дээ. Өнөөдөр дахиад 50 50 удаа үкэми хийнэ шүү гэж байна. Яагаад үгүй гээгүй, яаж хийж өнгөрүүлснээ ч одоо лав санадаггүй юм.
Ийнхүү эхний хэд хоног ч "унаж" л сурч билээ.
Гэхдээ энэ нь илт мэдэгдэхгүй ч дараа дараагийн мэх болон дасгалуудын үндэс болж явсныг 2-р курст ороод шинээр оюутнууд клубт маань элсэхэд л ойлгож билээ.
Өнөөдөр гэнэт YOUTUBE-д орж жүдогийн бичлэгүүд үзмээр санагдаад нэг бичлэг олов. Үнэхээр гарамгай шилдэг мэхүүдийг үзүүлсэн гоё бичлэг. Гэхдээ сайхан ялж байгаа тамирчидыг ганцхан харах биш, ялагдаж байгаа жүдочид хэрхэн яаж унаж байгааг харвал бас гайхамшигтай.

Энэ л "Унахын гайхамшиг" юмдаа.

2 comments:

Unknown said...

Унах нь ч үнэхээр хэцүү харагддаг шүү. Маш их дасгал хийсний хүчинд л гайгүй өнгөрдөг байх.

Бамбууш said...

Харин эхлээд бол унана гэж бодохгүй л эхэлсэн байх. Сүүлдээ эвгүйхэн шиг болуул яаж шуухан унахаа л боддог болно хэхэ.