Friday, March 18, 2011

2011 оны 3 сарын 11-нд чухам юу болов

Блогоор маань хаяа ч болов шагайж байсан уншигчиддаа мэнд хүргээд уучлал хүсье. Өөрийнхөө залхуу байдлаас болоод л юм бичихгүй яваад байлаа.
Нэгэн хэвийн амьдрал үргэлжлээд л оюутан байсан үед нээрээ янз бүрийн юманд татагдаад л хийгээд л сайхан байжээ гэж бодох үе байдаг шүү.
Гэтэл энэ нэгэн хэвийн амьдралын маань хэмнэлийг өөрчилсөн юм 3 сарын 11-нд болов. Ганц миний биш японд байгаа хүмүүсийн амьдралд их бага хэмжээгээр гарцаагүй нөлөөлсөн байх учиртай.

2011 оны 3 сарын 11-ны өдрийн 14цаг 46 минут...
Тохокүгийн Номхон далайн эргийн дагуух газар хөдлөлт болох нь тэр(The 2011 off the Pacific coast of Tohoku Earthquake). Япон оронд болсон хамгийн том (дэлхийн түүхэнд томоороо эхний 5д бараг тоологдох) газар хөдлөлт. Янз бүрийн эх сурвалжаас ямархуу хэмжээгий хохирол гарч, юу болж байгааг надаар хэлүүлэлтгүй нарийн мэдэж байгаа байх. Тухайн өдрөөс хойш өөрийн эргэн тойронд юу болж байгаа талаар өөрийнхөө бодлоо бичих гэж энэ удаа блогоо сэргээж байна.
Газар яг хөдлөх үед блогийн эзэн миний бие өдрийн цайндаа орснө дараа ид ажилдаа ханцуй шамдан ороод байж байв. Нэг хэрэглэгчтэй утсаар ярьж дуусаад илгээх материалаа бэлдье гэж бодоод өндийтөл газар чичирхийлэх нь тэр. Японд бол бараг л өдөр бүр газар хөдлөнө. Ажил дээр байж байхад хөдөлж байгаа нь анх удаа биш юм болохоор нээх ч тоосонгүй хажуугийн ширээний залууд газар хөдөлж байна шүү маягийн юм хэлээд эргэтэл хөл алдан гэхээс илүү тэнцэр алдан өөрийн эрхгүй сандал дээрээ лагс хийтэл суув. Манай ажил ч нээх өндөр биш 10 давхар байшингийн 5р давхарт нь байрладаг юм. Нилээн хүчтэй чичрхийллээ шүү игнээд л зогсох байлгүй дээ гэтэл чичиргээн нь зогсох шинжгүй эхний чичирхийлэлээс арай бага хүчээр 2 тийшээ савалж эхлэх нь тэр. Ширээн дээр босгоод тавьчихсан комьютерийн процессор дээрх тулгууртай календар газар руу унлаа. Дараа нь комьютерийн процессор нь өөрөө дондогмаа хүүхэлдэй шиг савалж эхлэв. Хамаг чухам мэдээлэл байгаа юм болохоор унахыг нь хараад байлтай биш 2 гараа алдлан хажуу залуугийн комьютерийн процессортой хамт нь дарж сандал дээрээ баттайхан суув. Нилээн удах шиг л санагдсан. Анх японд ирснээс хойш нилээн олон удаа газар хөдөлсөн дөө. Гэхдээ тэр өдрийнх арай л удаан байлаа. Дээр хүчтэй. Ширээний цаана байсан тавиур дээр байсан хайрцагтай багцласан цаасан материалууд урагшаа нуран унаж байна. Ширээн доогуур мөлхөн орж байгаа хүн ч харагдана. Манай давхарт нийтдээ 50 орчим ажилтан суудаг юм. Хүүхнүүдийн уулга алдан хашгирах дуу ардаас сонсдоно. Сар гарны өмнө Шинэ Зеланд, нэг хоногийн өмнө Хятадад болсон газар хөдлөлтийн зураг л шууд толгойд буув. За ингээд л нурдаг юм байна даа. Яавал амьд гарах бол ширээн доошоо орсон ч нурвал найдваргүй юм даа. Гараад гүйх хооронд 1 давхарт хүрэхээс өмнө нурвал бүр найдвар алга гэх мэт элдэв юм эргэцүүлсэн боловч сандал дээрээсээ огтхон ч хөдөлж чадсангүй. Нээрээ нурсан бол тэнд миний амьдрал дууссан байхаа. Аргагүй газар хөдлөлтийн талаарх найдвартай барилгатайд нь баярласан шүү дараа нь.
Ийнхүү самгардан сууж байтал чичирхийлэл нь намжив. Юутай ч компаниараа гадагшаа гарцгаая гэж нэг менежер санаачлан бүгд шатаар бууцгаав. Цахилгаан шат хөдлөхгүй хөдөлж байсан ч хэрэглэх зоригтон нэг ч байгаагүй болов уу. Анх удаа л газар хөдлөлтийн улмаас байгаа байшингаасаа гарч үзэж байгаа нь тэр.
Дэг журамтайхан шиг тухайн байшинд байсан 400аад хүн явган хүний шатаар буув. Нэг ч яаран гүйж бусаддаа саад болж буй хүн алга байлаа.
Байшингийн гадаа зам дээр дүүрэн хүн. Хөрш оффисийн барилгийнхан ч гарч ирсэн байв. Анх удаа л ингэж олон хүмүүс зугтан гарч ирснийг харсан болохоо "За энэ ч нилээн хүчтэй байсан даа хэдэн баллын хөдлөлт бол" гэж бодоод гэртээ байгаа бол зурагтаар юу гэж байгааг асуух, гэрийнх нь тэр хавьд хэр чичирхийлсэн бол санаа зовон найз охин руугаа залгав. Утас хүний ураманд гав хийх ганц ч дуу гарсангүй. Антен байгаад байдаг тэгсэн мөртлөө залгагддаггүй.
Улам түгшиж эхлэв. Яг яасан талаар тухайн үед хэн ч ямарч мэдээлэл өгсөнгүй...

Үргэлжлэл бий

1 comment:

Anonymous said...

urgeljlel huleej baina